ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

ХҮНДЭТГЭЛИЙН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Хайлт


              “АПУ” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд төгрөгт хүрсэнтэй холбогдуулж хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

              Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм.

             Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэлтэй, ТОП-20 индексийн багцын тэргүүн байранд жагсдаг “АПУ” ХК-ийн хувьцааны зах зээлийн үнэлгээ өнөөдөр 1,210,728,232,277 төгрөгт хүрснээр Монгол Улсад анх удаа 1 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй компани бий болсон түүхэн үйл явдал тохиож байна.

             Дэлхий нийтийг хамраад буй коронавируст халдварт цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, нийгэм, эдийн засагт гарч буй сөрөг нөлөөнөөс шалтгаалж иргэд, аж ахуйн нэгжийн орлогын түвшин буурсан нь дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар буурахад хүргэсэн амаргүй цаг үетэй бид нүүр тулж байсан.

              Гэсэн ч энэ оны хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлээс компанийн бонд, анхны арилжааны зориулалттай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан зэрэг шинэ бүтээгдэхүүнийг гаргаснаар хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.6 дахин өссөн үзүүлэлттэй гарсан нь Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ, хөрөнгийн зах зээлийн орчинд мэргэжлийн байгууллага, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын  нягт хамтын ажиллагааны үр дүн юм.

           Тодруулбал, УИХ-аас Банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар 2022 оны зургадугаар сард багтаан банкны системд нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар нээлттэй ХК болох томоохон ажил хүлээгдэж байгаа бөгөөд салбарын чухал хуулиуд болох Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудад нэн шаардлагатай байгаа нэмэлт, өөрчлөлтийг оруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байна.

            Мөн хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Хорооноос саяхан баталснаас гадна нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаа хялбар, шуурхай болж, үүнтэй холбоотой гарах зардал, өртөг буурч, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд, андеррайтерууд чадавхижиж тэдгээрийн оролцоо нь нэмэгдэх, компанийн бондыг үе шаттайгаар хэсэгчлэн гаргах боломжтой болсны зэрэгцээ цоо шинэ бүтээгдэхүүн болох “Ногоон бонд” гаргах нөхцөл бүрдлээ” хэмээн онцолсон юм.

            Дашрамд сонирхуулахад, 1992 онд Хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэгдэж байсан “АПУ” ХК үйл ажиллагаагаа тасралтгүй, үр ашигтай явуулсны үр дүнд ийнхүү өнөөдөр хувьцааны зах зээлийн үнэлгээ 1 их наяд төгрөгт хүрч, үндэсний тэргүүлэгч анхны нээлттэй хувьцаат компани болж буй бөгөөд цаашид ч олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавьжээ.