“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, МХБ-ийн гишүүн компаниуд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор аймгуудад 2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 3 дугаар сарын 8-ний өдрүүдийн хооронд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйлчилгээг үзүүллээ.