Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ҮЦТХТ” ХХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК -тай “Мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээ” байгууллаа

Хайлт


     “Монголын Үнэт Цаасны Бирж” ХК нь үнэт цаасны төлбөр тооцооны болон өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулах зорилготойгоор “Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-тай “Мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээ” байгууллаа. Гэрээний үр дүнд хөрөнгийн зах зээлд оролцогчдод Монголд үйл ажиллагаа явуулж буй биржүүдийн арилжаанд нэг дансаар шууд оролцох боломж нээгдэж байна.

Гэрээнд Монголын Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Ш.Лхагва, Монголын Үнэт Цаасны Биржийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Золзаяа нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

        Түүнчлэн талууд үнэт цаасны номинал дансны хэрэглээ, репо хэлцэл, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх болон бусад санхүүгийн хэрэгслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны үр дүнд харилцагчдад хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шатаар ахиулах боломж бүрдэх юм.

       Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь Монгол Улсын үнэт цаасны зохицуулалттай зах зээлд биржийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан ба Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны арилжааны болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

        Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь “Үнэт цаасны тухай хууль”-д зааснаар үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг эрхлэх, биржийн болон биржийн бус арилжааны өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх, кастодианы үйлчилгээг хавсран эрхлэх эрх бүхий өөрийгөө зохицуулагч хуулийн этгээд юм.