“Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа болон кастодиан банкны талаар зах зээлд оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бататгах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монголын банкны академи дээр боллоо. УИХ-аас “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”-ийг баталснаас хойш жил хагасын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос хуулийг даган гарах шаардлагатай 19 журмаас 5-ыг нь батлажээ.
Иргэд, аж ахуйн нэгжүүд богино хугацаат санхүүгийн эх үүсвэрээр бизнесийн төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх, хөрөнгөө хадгаламжид байршуулах сонирхол өндөр байгаа тул урт хугацааны санхүүгийн тогтолцооны хэлбэр болох хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэх, хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Энэ асуудлаар өрнөсөн хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуая, “Хорооны зүгээс Люксембургийн вант улсын “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх” MON/004 төсөлтэй хамтран хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтын дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулах, зохицуулах байгууллагын хяналтын чадавхийг сайжруулах, төсвийн болон төсвийн гадуурх сангуудын сул чөлөөтэй хөрөнгийг үнэт цаасны зах зээлд татан оруулах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, оролцогч талууд хоорондын үйл ажиллагааг уялдуулах, энэ салбарт ажиллаж буй хүний нөөцийг чадавхижуулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах болно” гэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үнэт цаасны зах зээлд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хадгалагч кастодианы үйлчилгээг нэвтрүүлэхээр арилжааны хоёр банкинд тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Мөн олон улсын стандартад нийцүүлэн кастодианы болон хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийн журмыг боловсруулжээ.
Нийгмийн даатгалын тэтгэврийн сан дахь нэрийн дансны үлдэгдлийг мөнгөжүүлэх, уг санд суурилсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж буй татан буугдсан хамтын сан болон хөрөнгө оруулалтын сангийн үлдэгдэл хөрөнгө болон иргэдийн ногдол ашиг, ногдол хувь, хувьцааны тараагдаагүй мөнгөн хөрөнгөд түшиглэн хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан бий болгох, хөрөнгө оруулалтын компаниар хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэн сангийн мөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны зах зээлийг идэвхижүүлснээр хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг сэргээх бодлогыг Санхүүгийн зохицуулах хороо баримтлан ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж: www.frc.mn