Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг” гарлаа

Хайлт


Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнд Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн Монгол улс дахь төлөөлөгч ноён Мүцүми Сато өнөөдөр “Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг”-ийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Уг сурах бичгийг Хороо болон ЖАЙКА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулан хэвлэсэн юм.

“Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг”-т үнэт цаасны зах зээлийн үндсэн ойлголт, хувьцаа, өрийн хэрэгсэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн, брокер, дтлер, андеррайтер,хөрөнгө оруулалтын сан зэрэг мэргэжлийн байгууллагууд, тэдгээрийн үйлчилгээ болон үнэт цаас худалдах, худалдан авах үйл ажиллагааны ойлголтуудыг багтаасан байна. Хамгийн гол нь агуулга бүрд хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орны бодит жишээ баримт, тэдгээрийн бодлого, зохицуулалтын онцлог зэргээр тодруулга хийж өгсөн нь сурах бичгийг илүү өгөөжтэй болгож буй юм.

Сурах бичиг зохион боловсруулах нь ихээхэн хүч, хөдөлмөр шаардсан ажил болохыг Хорооны дарга С.Даваасүрэн онцолж, номын агуулга, бүтцийг  боловсруулах, бэлтгэх, ариутган шүүх болон хянан тохиолдуулах, хэвлэн олшруулах ажилд гар бие оролцсон Хорооны Үнэт цаасны газрын хамт олон, ЖАЙКА-ийн зөвлөх баг, зах зээлийн мэргэжлийн оролцогч нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст талархал илэрхийллээ.

Эх сурвалж: www.frc.mn