Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн арга хэмжээний хүрээнд Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан СЗХ, МХБ, JICA олон улсын байгууллага хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд 2016 оны 10 дугаар сарын 26-д амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд, хувьцаат компанийн төлөөлөл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 400 гаруй төлөөлөгчид оролцож өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас гарахад хөрөнгийн зах зээлийн оролцоо, тулгамдаж буй асуудал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар хамтран хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо болон Үнэт цаасны бирж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд хөрөнгийн зах зээлийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан нэг зорилгын дор нэгдсэн шийдэлд хүрэх эхний алхамыг хийлээ.
2016 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд МХБ-ийн байранд “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг” болох бөгөөд энэхүү өдөрлөгөөр хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан хувьцааны үр өгөөж, ногдол ашиг, их хувьчлалын талаарх мэдээлэл болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөн хувьцааны данс нээх үйлчилгээг үзүүлнэ. Мөн үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөн, үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт явагдана.