Компанийн тухай хуулийн 59.4-тхувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр холбогдох баримт материалыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.8-д заасан хугацаанд буюу хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлэх үүрэгтэй байдаг.
Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Компанийн тухай хуулийн 64.2-т заасан хурал зарлагч этгээд тогтоох бөгөөд Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3.5-д заасны дагуу хурал хуралдуулах тухай зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 10 дахь өдөр байхаар тогтоох зохицуулалттай байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь тухайн компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр ашгийн талаарх мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатайбиечлэн уулзаж сонирхсон асуултандаа хариулт авах замаар мэдээлэл авах, мөн хэлэлцэх асуудлаар санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгодог чухал ач холбогдолтой.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулсан компаниудын судалгаанаас харахад өнгөрсөн онд хувьцаат компаниудын 70 гаруй хувь нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4 дүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногт хуралдуулсан бөгөөд хамгийн сүүлчийн өдөр болох 4 дүгээр сарын 30-ны өдөр ихэнхи хувьцаат компани хурлаа хийсэн байдалтай байна. Ингэснээр хувьцаат компаниудын хурал нэг өдөр давхцаж улмаар олон компанид хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийн хувьд хуралдаа оролцох боломж нь хязгаарлагдаж байна.
Мөн түүнчлэн Компанийн тухай хуулиар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байна, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх хороо бүртгэн сонгон шалгаруулж хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэхээр зохицуулсан байдаг. Гэтэл хувьцаат компаниуд ТУЗ-ийн гишүүнд 9 хүнийг нэр дэвшүүлж хувьцаа эзэмшигчдийн хурлаар тэдгээр нь шууд сонгогддог практик үргэлжилсээр байна.
Иймд та бүхэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мөн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг баримтлан хангалттай тооны нэр дэвшигчдээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох боломжийг бүрдүүлэхийг тус тус анхааруулж байна.
Эх сурвалж: www.frc.mn