Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн. Гадны болон дотоодын хөрөнгө оруулагчидтай ажлын хэсэг тус тусад нь хэлэлцээ хийж байгаа юм. Гэвч хэлэлцээ ямар шатанд яваа талаарх мэдээлэл хомс байна.
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд “Эрдэнэс Таван толгой (ЭТТ) ХК-ийн хувьцааг хөдөлгөх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” компанийн Хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа “Таван толгойн гэрээнээс иргэдийн 1072 хувьцааны хувь заяа шууд хамаарна” гэв. Гэвч хэлэлцээ хийж буй баг энэ компанийн нийт хувьцааны 14 хувийг эзэмшдэг иргэдийн эрх ашгийг хамгаалах эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын шадар сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг ч хувьцаа эзэмшдэг иргэдийнхээ асуудлыг бүрэн орхигдуулсан байсан. Уул уурхай, хүнд үйлдвэр, Байгаль орчин, аялал жуулчлал, Зам тээврийн сайд, “Эрдэнэс Монгол” компанийн нар шинэ ажлын хэсэгт багтсан юм.
2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн, Монгол Улсын иргэд ЭТТ компанид тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байв. Насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүдийн эдгээр хувьцааг өмчлөх эрхийг нээх боломжгүй байдаг байна. Иймд одоогоор Монгол Улсын хэчнээн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байгааг шууд тогтоох боломжгүй юм. 2030 он гэхэд иргэдийн бүртгэлийг бүрэн хийж дуусах аж.
Нөгөөтээгүүр сонгуулийн өмнө зарим иргэний 300 ширхэг хувьцааг төр 300 мянган төгрөгөөр худалдан авч, оюутнуудад сургалтын төлбөрийг нь хөнгөлөх замаар зарим хувьцааг нь авч, ахмадуудад 1.5 сая төгрөг бэлэн тараан, бүх хувьцааг нь эргүүлэн авсан. Иймд нийт хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг нь тухай бүрд өөрчлөгддөг.
Нарийвчилсан тоо хэлэх боломжгүй ч ЭТТ компанийн 10 тэрбум ширхэг хувьцааны
- 80 хувийг төр,
- 14 хувийг иргэд,
- 0.6 хувийг ААН-үүд эзэмшиж байна.
2016 оны сүүлчээр нүүрсний үнэ өсөж, тус компанийн орлого ч дагаад өссөн. Энэ оны эхний улирал гэхэд БНХАУ-ын Чалко компанид төлөх зээл (300 сая ам.доллар) бүрэн дуусна гэж тус компанийн шинэ захирал Д.Ариунболд мэдэгдэв. Ийнхүү санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирч, урд хөршийн нүүрсний эрэлт өссөн таатай үеийг зөв ашиглах ёстой гэж Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо үзэж байна.
Учир нь ЭТТ-н өмнөх удирдлагууд нүүрсний зах зээл уналттай үед иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцааг эргэлтэд оруулах нь эрсдэлтэй. Бид Хөрөнгийн биржид бүртгүүлэн, нээлттэй компани болсон ч хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа амжилтад хүрэхгүй байх эрсдэлтэй гэж тайлбарласаар ирсэн юм. Мөн хууль, эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг өнөөх л жижүүрийн тайлбараа тавьдаг байв.
Тэгвэл 2014 оноос эхлэн Үнэт цаасны тухай хуулийг мөрдөж, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмуудыг баталсан талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал танилцуулав. Тэгэхээр ЭТТ компани дотоодод төдийгүй гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой болжээ. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын зөвлөх Ш.Мягмарсүрэн тус биржид бүртгүүлэх хугацаа богиносон, зардал буурсан, Сингапурын хөрөнгийн биржийн системийг ашиглах болсноор хувьцаагаа худалдах, шинээр хувьцаа авах иргэдийн захиалгыг шуурхай биелүүлэх орчин бүрдсэн гэв.
ЭТТ КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЛГЭНЭ
Ямартаа ч ЭТТ компани хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх байр сууриндаа хэвээр байна. Тэд өмнө нь гурван удаа үнэлгээ хийлгүүлэхээр тендер зарласан ч шаардлага хангасан компани байгаагүй.
Компанийн зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоох нь иргэдийн хувьцааг эргэлтэд оруулах бэлтгэл ажлын суурь юм. Гэвч Таван толгойн ордоос урд хил хүрэх авто зам, ордыг түшиглэн байгуулах цахилгаан станцын төслүүдийг ЭТТ компаниас салган, өөр өөр төслийн нэгж байгуулсан. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах, нүүрсний метан хийг ашиглах зэрэг төслийг толгой компаниболох “Эрдэнэс Монгол” хариуцаж байна.
Энэ нь компанийн үнэлгээг бууруулсныг MICC үнэт цаасны компанийн захирал Д.Ачит-Эрдэнэ онцоллоо. Компанийн үнэлгээг тогтоосны дараа аудит хийлгэх шаардлагатай.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Энэ хувьцааны өгөөжийг хүртэхийн тулд тулд эхлээд компани компани шиг үйл ажиллагаа явуулах ёстой. Улс төрөөс ангид, мэргэжлийн баг ажилласнаар үр дүнд хүрнэ. Энэ компани улс төрөөс асар их хамааралтай учраас үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Бид зургаан жил хувьцаатай ч юм шиг үгүй ч юм шиг явж байна. Энэ хувьцааг зарах, худалдаж авах, өвлөх эрх иргэдэд байхгүй. Ийм байдал хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Бид хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгалаах, цаашлаад хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг эрх баригчдад тавих хэрэгтэй” гэсэн юм.
Иргэд 1072, 536, 772 гэх мэтээр харилцан адилгүй тооны хувьцаа эзэмшиж байна. Бид хувьцааны өгөөжөө хүртэх урьдач нөхцөл нь ЭТТ компанийн ашигт ажиллагаа. ЭТТ-н санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал тус компани Чалкод 76 сая ам.доллар, Хөгжлийн банканд 200 сая ам.доллар тус тус төлөх ёстой. 2010 онд компанийг анх байгуулахад толгой компани болох “Эрдэнэс Монгол” багахан хэмжээний хөрөнгө нийлүүлжээ. Иймд компанийн үйл ажиллагааг эхлэхийн тулд арилжааны банкуудаас зээл авч, тэр зээлээ өртөг багатай, Хөгжлийн банкны зээлээр орлуулжээ. 200 сая ам.долларын зээлийг ямар нэг төсөл хөтөлбөрт зарцуулаагүй. Ажилчдын цалин, олборлолт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангахад ашигласан аж.
Чалкогоос авсан 300 сая ам.долларын тухайд иргэдэд бэлэн мөнгө болгон тараачихсан. Ийм учраас л ЭТТ-г нээлттэй компани болгож, улс төрөөс ангид байлгавал, Чалкогийн түүхийг дахин давтахгүй гэж мэргэжлийн холбоо тайлбарлав.
Хэдийгээр Таван толгойн орд 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, баялаг орд боловч дэд бүтэц хөгжөөгүй. Авто зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр барих, ус, геологийн судалгаа, хайгуул хийх гээд олон ажил хийх хэрэгтэй. Эдгээр төслүүдэд хэрэгжүүлэхэд 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.
“Энэ хөрөнгийг дотоодоос босгох боломжгүй. Мөн 2005-2009 онд манай хөрөнгийн зах зээлд хөөс үүсч, олон хувьцаа эзэмшигч хохирсон түүх бий. ЭТТ-н хувьцааг арилжаалж эхлэхэд бүгд нэгэ зэрэг хувьцаагаа зарах гэвэл үнэ унах эрсдэлтэй. Гадны хөрөнгийн биржид хувьцаа арилжъя гэхээр зардал өндөр” гэж Ц.Цэндмаа ярьлаа. Харин Д.Ачит-Эрдэнэ, Б.Өлзийбаяр нар хөрөнгийн зах бол алдаж бас хожиж байдаг талбар. Хувьцааны үнэ унахаас сэргийлэх, санхүүгийн олон хэрэгсэл бий гэсэн байр суурьтай байна.
Ямартаа ч Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг хувьцаа эзэмшигч иргэдийн бүртгэлийг цэгцлэх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах зорилготой юм байна.
Хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалж, эргэлтэд оруулснаар дотоодын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөгжилд том хөшүүрэг болно. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэж, санхүүгийн салбарын тогтолцоо сайжирна. Мөн тус компанийн хувьцааг нээлттэй арилжаалснаар компанийн мэдээ, мэдээлэл нээлттэй, ил тод болох,
Компанийн ТУЗ-д мэргэжлийн хүмүүс багтаж, компанийн засаглал сайжирч, шахааны бизнес арилан, ашигт ажиллагаа нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжран, Хөрөнгийн биржийн үнэлгээ ч дагаад өсөх юм байна. Гэхдээ иргэдийн эзэмшиж буй хувьцааг эргэлтэд оруулна гэдгийг Хөрөнгийн биржид IPO хийн, хөрөнгө босгох үйл ажиллагаа гэж шууд ойлгож болохгүй юм.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, ААН-үүдийн хувьцааг эргэлтэд оруулна гэж заасан. Тэгэхээр эрх баригч нам улс төрийн зориг гарган, дараагийн сонгуулиас өмнө хувьцааны арилжааг Хөрөнгийн биржид эхлүүлэх үүрэгтэй. Гэвч хэзээ, хэрхэн гэдэг нь тодорхойгүй байна. Иргэд, үндэсний ААН-үүдийн эзэмшдэг хувьцааг хамгийн түрүүнд “амилуулан”, Хөрөнгийн биржид ЭТТ компанийг бүртгүүлэх ёстой. Ингэснээр хаалттай биш нээлттэй ХК болох юм. Анхдагч арилжааг эхлүүлснээр иргэд хувьцаагаа худалдах, өвлүүлэх эрхтэй болно.
Эх сурвалж: www.gogo.mn