Манай улсын тэргүүний үнэт металл үйлдвэрлэгч “Степ голд лимитед”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн төлөөллүүд болон Канадын TSX Trust байгууллага энэхүү гэрээг үзэглэв.
Компанийн үндсэн төсөл болох Алтан Цагаан Овоо төслийг цогцоор нь хөгжүүлэхэд нийт 160 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо төслийн 2-р шатыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ шатанд гарц нь өсөх аж. Тус компанийн хувьд Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөж буй.
“Степ Голд Лимитед” компани нь Монголын уул уурхайн салбарт үнэт металл үйлдвэрлэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох зорилтын хүрээнд жилд 50-60 мянган унц алт гарган авах төлөвлөгөө тавин ажиллаж байгаа аж.
Энэ оны есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар бэлтгэж байна.
Энэ талаар “Степ Голд Лимитед”-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Солонго “Энэ оны есдүгээр сард бид Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар бэлтгэж ажиллаж байна. 2023 оноос манай уурхайн хоёрдугаар үе шат эхэлнэ. Ингэхийн тулд бид энэ оноос бүтээн байгуулалтын бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах ажлын явц дуусах шатандаа орж, шаардлагатай бүх зөвшөөрлөө авсан. Манай компанийн Алтан цагаан Овоо уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Үнэт металлаа 100% Монголбанкинд тушааж байна. Мөн Баянхонгор аймагт байрлалтай Уудам хөндий хайгуулын төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна” хэмээн ярилаа.
ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва
Канад Монголын биржийн хооронд хувьцаа хөрвүүлэх боломж нь ямар давуу талтай талаар “Хоёр биржийн хувьд үнийн ханшийн зөрүү гарах учраас аль давуу талтай тал руу хувьцаагаа шилжүүлэх, Торонтод байгаа хувьцааг өөртөө нийлүүлж хөрөнгөө ихэсгэх, гадаадад хөрөнгө оруулагч болох боломжтой. Энэ бол манайд анх хийгдэж байгаа зүйл биш. Хоёр дахь компани болж байна. Заавал гадаадаас гэхгүйгээр, Монголын хөрөнгийн биржээс тухайн компанийн хувьцааг худалдаж авах нь том боломж.
Эрдэнэс Тавантолгойн 1,072 хувьцааг иргэд эзэмшдэг болсноор Монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн мэдлэгтэй болсон. Одоогоор манайд Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний 2.3 сая нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дээр дансаа нээлгээд байна. Ингэснээр хөрөнгийн биржээс хувьцаа, бонд авах бүх боломж нээлттэй болж байгаа гэсэн үг” гэв.