Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны Арилжаа эрхлэгчдийн холбоотой санамж бичиг байгууллаа

Хайлт


12232985_978601205511910_406234003_nСанхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа Үнэт цаасны Арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Б.Өлзийбаяр нар өнөөдөр хоёр байгууллага хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн үеэр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог Монголын үнэт цаасны зах зээл дээрх анхны өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн тухай батламжийг Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа гардуулав.

Өөрийгөө зохицуулах байгууллага гэдэг нь шинэчлэн батлагдсан Үнэт цаасын тухай хуулийн дагуу гишүүдийнхээ мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрэм гэх мэт нийтлэг зохицуулалтыг хэрэгжүүлэх салбарын мэргэжлийн байгууллага байх юм. Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо нь энэ чиг үүргийг өөрийн гишүүүн брокер, дилерүүд буюу үнэт цаасны компаниудын хүрээнд хэрэгжүүлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын жишгээр үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн мэргэжлийн, ёс зүйн болон санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, ингэснээр үйл ажиллагааны эрсдлээс сэргийлэхэд өөрийгөө зохицуулах байгууллагын үүрэг маш чухлаар тавигдаж байгаа ба төрийн зохицуулалтын зарим чиг үүргийг тэдгээрээр дамжуулан хэрэгжүүлэх нь хяналтын давхардал, эсхүл сул орон зай үүсгэхгүй, сайн зохицуулагддаг эрх зүйн орчныг бий болгох давуу талтай юм.

Санамж бичгийн хүрээнд өөрийгөө зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, түүний гишүүн компаниудын үйл ажиллагааг дэмжиж чадавхижуулах, үнэт цаасны зах зээлийн харилцааны зохицуулалтыг төгөлдөржүүлж зах зээлийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн гурван чиглэлээр 13 зорилт тавьсан бөгөөд тэдгээр зорилтод хүрэхийн тулд 2015-2016 онд талууд хамтран нийт 40 гаруй ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа энэ үеэр хэлсэн үгэндээ “Төрийн зохицуулах байгууллагын зүгээс өөрийгөө зохицуулах байгууллагыг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэн хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ санамж бичгийн үр дүнд нэг жилийн дараа гэхэд Арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллагын хувьд хөгжлийнхөө эхний шатанд гарцан байна гэж найдаж байна. Гишүүн байгууллагууд нь чадавхижиж, бидний хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа сэргэсэн байна гэдэгт итгэлтэй байна. Санамж бичиг байгуулахад хамтарсан бүх үнэт цаасны компани түүний төлөөлөл болсон холбооныхондоо баярлалаа. Та бүхэн хичээж ажиллаарай, харин бид дэмжих болно” гэв.

Санхүүгийн Зохицуулах Хорооны Хэвлэл мэдээллийн алба