Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XIX хуралдаан болж нийт 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Бодь даатгал” ХХК-ийн шинээр гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компанийг бүртгэснээр монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани нэгээр нэмэгдэв. Өмнө нь “Ард даатгал” ХК, “Мандал даатгал” ХК, “Монгол даатгал” ХК-иуд биржид бүртгэгдэн хөрөнгийн зах зээлд өрсөлдөж байгаа билээ.
Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”, “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”, “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” зэрэг багтлаа.
Хуралдаанаар “Ниямазон аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-д гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокер болон номинал дансаар дамжуулж харилцагчид үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгож, “Эрдэнэт венчур ассет менежемент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо.
Мөн зарим даатгалын компанийн даатгалын бүтээгдэхүүн, бүтцийн өөрчлөлт, эрх бүхий албан тушаалтныг бүртгэж, нэр бүхий иргэдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож зарим үнэт цаасны компани, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.