МХБ-ээс зохион байгуулж буй үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд хувьцааны талаарх ойлголтыг өгөх, хөрөнгийн зах зээл дэх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд Дархан, Булган, Эрдэнэт аймгуудад нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Тус өдөрлөгт “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК голлох үүрэгтэй оролцсон ба Санхүүгийн Зохицуулах Хороо, “Дархан” ҮЦК, “Булган брокер” ҮЦК, “Би Ди Сек” ҮЦК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтнүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр хөдөө орон нутгийн иргэдэд үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлллээ. Үүнд:
- 1991-1994 оны их хувьчлалын талаарх мэдээлэл
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны бичилт
- Данс шалгах үйлчилгээ /Цэнхэр тасалбар,”Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, хувьцааны данстай эсэх/
- ХК-иудын ногдол ашиг тараалтын судалгаа
- Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
- Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
- Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
- Брокерын данс нээх үйлчилгээ
- Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
- Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
- Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, цаашдын чиг хандлага
Өдөрлөгийн үеэр нийт 340 гаруй иргэдэд хувьцааны талаар зөвлөгөө өгөн, 141 иргэдийн төвлөрсөн хадгаламж дах дансны хуулгыг хэвлэж өгөв. Дархан-Уул аймгийн TV, Булган аймгийн “Сайхан Монгол” TV, Эрдэнэтийн “ETV”-д ярилцлага өгөн, компанийн шинэ үйлчилгээ болох 158989 дугаар луу мессэж явуулснаар “ЭТТ” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааны мэдээлэл болон хувьцааны данстай эсэхээ мэдэх бүрэн боломжтой талаар мэдээлэл өглөө. Цэнхэр ягаан тасалбарын талаар мэдэхийн тулд компанийн вэб сайтаар орж хувьцаагаа шалгах, үнэт цаасны шилжүүлэг болох өв залгамжлал, бэлэглэлийн талаар сурвалжлагчийн асуусан асуултад хариулав. “Дархан” ҮЦК, “Булган брокер” ҮЦК, “Би Ди Сек” ҮЦК-иуд иргэдэд данс нээх үйлчилгээ үзүүлэв.
Өдөрлөгийн турш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтнүүд компанийн үндсэн үйл ажиллагаа болон компанийн цаашдын төлөв байдлын талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгч ажиллалаа.