СЗХ-ны 2010 оны 5 дугаар сарын 28-ны 159 тоот тогтоолоор Үнэт Цаасны Нэгдсэн Дугаар Олгогчийн эрхийг манай байгууллага авсан бөгөөд энэхүү эрх дээр үндэслэн АNNA (Association of National Numbering Agency) буюу Үндэсний Дугаар Олгогч Байгууллагуудын Холбоо-той 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “АННА олон улсын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж ажиглагч гишүүнээр одоог хүртэл амжилттай хамтран ажиллаж байна. Уг холбоонд элсэн орсноор Олон Улсын Стандартын байгууллагаас гаргасан ISO 6166 буюу Олон улсын үнэт цаасыг таних дугаарын /ISIN/ стандарт болон ISO 10962 буюу Санхүүгийн хэрэгсэлийн ангилалын дугаарын /CFI/ стандартыг хэрэгжүүлэх эрхийг авсан. Эдгээр стандартуудыг 2013 оны 1 дүгээр сараас хойш хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны холбогдох мэдээллүүдийг АННА-гийн мэдээллийн сан болох ASB (ANNA Service Bureau) буюу АННА-гийн Үйлчилгээний Товчоо руу тогтмол хугацаанд илгээж ажиллаж байгаа билээ.
2016 онд Тайланд улсын Банкок хотод болсон АННА-гийн гишүүн байгууллагуудын нэгдсэн уулзалтын үеэр шинэчлэн батлагдсан CFI:2015 болон FISN:2015 стандартыг танилцуулж үйл ажиллагаанд мөрдөн ажиллах сүүлийн хугацааг 2017 оны 07 дугаар 01-ний өдөр гэж заасан байна.
Иймд манай байгууллага уг шинэ стандартуудыг худалдан авч үйл ажиллагаандаа 2017 оны 10 дугаар сарын 31-ээс хойш нэвтрүүлэн АННА-гийн мэдээллийн сан болох ASB (ANNA Service Bureau) буюу АННА-гийн Үйлчилгээний Товчоо руу холбогдож илгээх мэдээллүүдийг шинэчлэн хүргэж байна.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж байгууллагын мөрдөн ажиллаж байгаа олон улсын стандартууд нь:
- ISO 18774:2015 СТАНДАРТ – САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙН ТОВЧ НЭРШИЛ БУЮУ FINANCIAL INSTRUMENT SHORT NAME /FISN/
- ISO 10962:2015 СТАНДАРТ – САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙН АНГИЛАЛЫН ДУГААР БУЮУ CLASSIFICATION OF FINANCIAL INSTRUMENTS /CFI/
- ISO 6166:2013 СТАНДАРТ – ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСЫГ ТАНИХ ДУГААР БУЮУ INTERNATIONAL SECURITIES IDENTIFICATION NUMBER /ISIN/