Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, “Цемент шохой” ХК-ийн нэмж гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2.75 тэрбум ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр тус компани нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2.9 тэрбум ширхэг хувьцаатай болж байна. Түүнчлэн “Ди Би Эм ассет менежмент”, “Силк рөүд ассет менежмент” ХХК-уудад хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Мастер Инвестмент менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв.
Мөн хуралдаанаар “МИК актив арван дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1.45 сая ширхэг хүртэлх баталгаат үнэт цаасыг бүртгэлээ. Нийт 145.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас байх юм.
2014-2015 онд Хорооноос кастодиан банкны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан Худалдаа хөгжлийн болон Голомт, Хаан банкуудад үнэт цаасны зах зээлд тухайлсан бүртгэлийн үйл ажиллагааг хавсран эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгов. Мөн 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Мэжикконсалтинг аудит” ХХК-г хөрөнгийн зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэлээ.