Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


МОНГОЛЫН ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХОЛБООНООС ГАРГАЖ БУЙ УРИАЛГА

Хайлт


imagesМонгол Улсын Компанийн тухай хууль /КТХ/-ийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Хувьцаат компаниуд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулх үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал /ХЭХ/ нь хувьцаат компанийн өмнөх жилийнхээ бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгох зэрэг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын хувьд нэн чухал олон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд нь КТХ-ийн 34 дүгээр зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг олгодог билээ.

Хувьцаат компаниуд сайн засаглалыг хэрэгжүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангаснаар хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй олон нийтийн дунд нэр хүнд нь өсч, компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт татах таатай нөхцлийг бүрдүүлэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмэр болдог.

Иймд хувьцаат компанийн 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах тухай ТУЗ-ийн шийдвэр гаргах боломжит хуулийн хугацаа дуусах дөхөж байна.

Тодруулбал, КТХ-ийн 60-р зүйлд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах шийдвэрийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ба энэхүү шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулах ёстой байдаг тул компаниуд энэхүү хугацаанд багтаан ээлжит хурлаа зарлахад цөөхөн хоног үлдээд байгаа юм.

Хэрэв ТУЗ-өөс хуульд заасан хугацаанд хурлаа хуралдуулаагүй тохиолдолд Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болж, аливаа байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болдогийг анхаарна уу.

Хурлаа хуралдуулаагүйгээс үүсэх аливаа эрсдэл, болзошгүй муу үр дүнгээс сэргийлэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хууль журамд заасан хугацаандаа зарлан хуралдуулахыг Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий албан тушаалтнуудад УРИАЛЖ байна.

Та бүхэнд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг Монголын Хувьцаат Компаниудын Холбооноос авах боломжтой юм.

МХКХолбоотой mongolian.jsc@gmail.com цахим хаяг болон (976) 9920-3430 утасанд хандан холбогдоно уу.