Хөрөнгө оруулалтын мэргэшсэн сангуудыг хөгжүүлэх нь сэдэвтэй панел хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо Монголын Банк санхүүгийн академи хамтран зохион байгууллаа. Монголд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг идэвхижүүлэн дэмжиж, эдийн засагт үзүүлэх нөлөөг нь нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын үйл ажиллагааг мэргэшүүлэх, нийт хөрөнгө оруулалтын салбарын хэмжээнд эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтыг буй болгох, татварын бодлогоор дэмжих, сангуудын үйл ажиллагаанаас олон нийтэд хүргэх санхүүгийн үйлчилгээний хүртээмж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулж буй юм.
Арга хэмжээг нээж СЗХ-ны дарга З.Нарантуяа, “Хорооны зүгээс Люксембургийн вант улсын “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх” MON/004 төсөлтэй хамтран хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтын дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулах, зохицуулах байгууллагын хяналтын чадавхийг сайжруулах, төсвийн болон төсвийн гадуурх сангуудын сул чөлөөтэй хөрөнгийг үнэт цаасны зах зээлд татан оруулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, оролцогч талууд хоорондын үйл ажиллагааг уялдуулах, энэ салбарт ажиллаж буй хүний нөөцийг чадавхижуулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах болно” гэлээ.
Уг хэлэлцүүлэгт СЗХ, Монгол банк, сангийн яам, Татварын Ерөнхий газар, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, Монголын хөрөнгийн бирж, банкууд хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд, санхүүгийн зах зээлд оролцогч хуулийн зөвлөлгөө өгөх компаниуд, аудитын компаниуд оролцлоо.
Эх сурвалж: www.frc.mn