Санхүүгийн зохицуулах хороо “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаар дотоодын хөрөнгийн зах зээлд бирж болон биржийн бус гэсэн хоёр санхүүжилтийн тогтолцоо бий болж аж ахуй нэгжүүд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нээлттэй болон хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдаас татах эрх зүйн таатай зохицуулалтын орчин бүрдсэн.
Биржийн бус зах зээл дээр аж ахуй нэгжүүд компанийн өрийн хэрэгслийг зардал, өртөг бага, төвөг чирэгдэлгүй шуурхай байдлаар гаргах боломжтой болсны зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлогын чухал шийдвэр болсон.
Мөн Инновацийн тухай хуулийн 121 дэх заалтын дагуу гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгон гаргахтай холбогдсон харилцааг “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмж тусгасан. Өөрөөр хэлбэл гарааны компани санхүүгийн эх үүсвэр босгох харилцааг биржийн бус зах зээлд оруулж өгснөөр санхүүжилт татахад цаг хугацаа, өртөг зардлыг хэмнэхээс гадна одоогийн биржийн бус зах зээлийн бэлэн программ хангамж, хөрөнгө оруулагчдын цогц системийг ашиглаж эх үүсвэр татах ажиллагааг хялбаршуулах боломж бүрдсэн.