Монголын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Монгол улсад үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 100% төрийн өмчит хуулийн этгээд юм.
1991 онд Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдахад “Төлбөр тооцоо хадгаламжийн алба” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол улсын засгийн газрын 2003 оны 72 тоот тогтоолоор “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бие даасан байгууллага болон өргөжиж, үнэт цаасны бүртгэл, хадгаламж болон төлбөр тооцооны үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байв.
2015 оны 4 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 147 тоот тогтоолын дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК болгон хуваасан.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь “Үнэт цаасны тухай хууль”-д зааснаар Үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг эрхлэх, биржийн болон биржийн бус арилжааны өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх, кастодианы үйлчилгээг хавсран эрхлэх эрх бүхий өөрийгөө зохицуулагч хуулийн этгээд юм.